Улсын баяр наадмаар ёс зүйгүй үйлдэл гаргасан дөрвөн бөхийг Зөрчлийн хуулийн дагуу шалгаж эхэлжээ
Хуваалцах:
img

Улсын баяр наадмаар бөхийн зүлэг ногооноо ёс зүйгүй үйлдэл гаргаж, бичлэг нь цахим орчинд цацагдсан дөрвөн бөхийг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулийн дагуу шалгаж эхэлсэн байна.

 Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлд заасан Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих гэх заалтаар шалгаж байгаа аж. Үндэсний бөхийн барилдааны наймын даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын харцага Ц.Бямба-Отгон нар барилдаж, Н.Батсуурь өвдөг шороодсон. Тэрбээр өвдөг шороодон унасныхаа дараа салаавч гаргасан байж болзошгүй үйлдлээр ХУД-ийн цагдаагийн байгууллагаас шалгаж, мэдүүлэг авахаар дууджээ.

 Мөн дөрвийн даваанд Монгол Улсын арслан Ц.Содномдорж нь цэргийн арслан Г.Жамбалдоржийн хүзүүг тохиолдож, биед нь халдсан гэх асуудлаар, гурвын даваанд аймгийн арслан П.Эрхэмжаргал нь Монгол Улсын харцага Л.Лха-Очирт унасан. Улмаар тахимаа өгөх үеэрээ харцага Л.Лха-Очирийг түлхэж, биед нь халдсан асуудлаар шалгагдаж эхэлсэн байна.

      Түүнчлэн Төв аймгийн 100 жилийн наадмын бөхийн барилдаанд Монгол Улсын заан Б.Батмөнх, Монгол Улсын начин Д.Хүдэрбулга нарын барилдаан олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан. Улмаар заан Б.Батмөнх нь өвдөг шороодсоныхоо дараа газар цохин боссон нь олон нийтийг үл хүндэтгэсэн гэх асуудлаар шалгуулж байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img