Ч.Ганга
Дарьгангын домогт урчуудын үргэлжлэл, тал нутгийн уран бүтээлчдийн задгай сэтгэлгээг монгол зурагт тун сонирхолтойгоор амилуулж яваа зураач Ш.Сүхбат, Б.Тэмүүлэн нар нэг нутагт төрж өссөн ч гэлээ урлах арга барил өөр. Зургийн хэмнэл, дүр дүрслэл ч ондоо. Өөрийгөө нээх гэж зүлгэж, зүтгэж яваа залуу уран бүтээлчийн бүтээлүүд хаус маягтай, хязгааргүй орчилтой юм.
“Ногоон нар”, “Зэв”, “Цадиг”, “Хас морь” зэрэг сонин содон бүтээлийн эзэн, зураач Б.Тэмүүлэнгийн хувьд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын дунд сургуулийн багш М.Шагдаржавын удирдлагад уран зурагт өөрийн авьяасыг нээхээр шамджээ. 2004 онд Үйлдвэрлэл, урлалын сургуулийн Чимэглэл зургийн ангийг төгсч монгол зургийн төрөлд өөрийгөө сорих болсон байна. “Хязгааргүй” үзэсгэлэнд таван хошуу малын сүргийн манлайг тус, тусад нь дүрслэхдээ тухайн амьтны ааш авир, өөрийн эрчмийг харуулсан нь тун өвөрмөц. Бас түүх, уламжлалыг орчин үетэй хослуулсан “Цадиг” бүтээлдээ хүн чулуудыг хоёр, гурван нүүртэй байдлаар дүрсэлсэн нь сонирхолтой. Тэрээр монгол зургийн арга техникийг баригдмал биш байдлаар чөлөөтэй дүрсэлдэг.Үүнийгээ өөрийгөө сорьсон “үзэлт” хэмээн ярьсан. Зураач Ш.Батсүх бол Монгол Улсын Засгийн газрын 2013 оны шилдэг бүтээлийн эзэн юм. Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрж, 2012 онд СУИС-ДУДэС-ийн уран зургийн ангийг төгссөн тэрээр аймгийнхаа “Жаахан шарга” театрт контструктор зураачаар ажиллаж байсан, одоо чөлөөт уран бүтээч. Тэрээр МУЭ-ийн шагналт зураач “Морины” хэмээн алдаршсан Д.Батмөнхийн гарын шавь нарын нэг. Тосон будаг, холимог техник хослуулж бүтээлээ туурвидаг. Өөрийгөө олохоор эрэл хайгуулж хийж байгаа. Өнгө, будгийн шийдлийг харсан хэн ч намайг таних хэмжээнд очсон болов уу. Харин дүр, дүрслэлийн хувьд өөрийгөө хайж байгаа ч хэвшсэн нэг загварт, эсвэл нэг сэдэвт баригдахыг хүсдэггүй хэмээн тэрээр хэлсэн юм. Хоёр зураачтай ярилцсанаа хүргэж байна.
Ш.СҮХБАТ: ТАЛ НУТГИЙН ӨГӨГДӨЛ ЦААНААСАА ОРЖ ИРЭЭД БАЙДАГ
-Бүтээлүүдийг чинь харахад тал нутагт төрж өсч, уран бүтээлээ туурвиж яваа хүний хувьд нутаг гэсэн сэдэв том байр суурийг эзэлдэг юм шиг санагдсан. Энэ сэдвээр ярилцлагаа эхэлье?
-Тантай санал нэг байна. Төрж өссөн нутгийн өгөгдөл цаанаасаа байдаг шиг санагддаг. Зүүн бүс нутаг, талын хүмүүсээс цаанаа л уянгалаг бүтээл төрдөг, зураач, яруу найрагч, уртын дуучид олонтой гэлцдэг шүү дээ. Зураг зурахад өөрийн эрхгүй том улаан нар, эсвэл хуваалт хийхэд санамсаргүЙ цэлгэр тал гараад ирэх жишээтэй. Тэгнэ гэж төлөвлөөгүй хэрнээ л бий болчихдог. Хүн яах аргагүй сэтгэлд хоногшсон, ой ухаанд дүрслэгдэж үлдсэн зүйлээ хийдэг байх гэж боддог. Сүүлийн үед хурдны морь зурхайгаас эргэж байгаа агшинг дүрсэлсэн “Сэрсэн тал” цуврал зураг зурсан. Мөн “Түмэн эх” гэж бүтээл ч бий. Хурдан морь гараанаас эргэж байгаа агшныг мэдэрсэн болохоор яг л түүнийгээ илэрхийлэх гэж янз бүрээр хайж оролдож байна. Энэ нь миний уран бүтээлийн бас нэг онцлог байх.
-Зураач болох зам хэдийд эхлэв. Танай удамд зураач хүн байв уу?
-Би 1989 онд Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртад төрж өссөн. Багаасаа зураг зурах дуртай хүүхэд байлаа. Аймгийн 10 жилийн I дунд сургуулийг Д.Жавзмаа багшийн удирдлагад төгсч 2008 оноос СУИС-ийн Дүрслэх урлагийн академид суралцсанаар мэргэжлийн зураач болж, өдгөө 12 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байна. Мэргэжлийн хичээлүүдийг МУЭ-ийн шагналт “Морины” гэж алдаршсан Д.Батмөнхийн урланд 2008-2012 онд сурч төгссөн.
Уран зургийн анхны суурь аав, ээж хоёрын талаас өвлөгдсөн болов уу. Аль аль талд нь гарын ур дүйтэй хүмүүс байсан. Ээжийн минь аав, миний нагац өвөө цэргийн арслан цолтой, аймгийн заан, сайхан бичдэг, сур элдэж боловсруулж морины чөдөр ногт зангиддаг, олон талын авьяастай, гарын дүйтэй хүн байсан гэнэ лээ. Өюөө минь хүүхэд хүртэл эх барьж авдаг байсан гэдэг. Нэгдлийн даргаар олон жил ажилласан. Асгатчууд “Бүдүүн” Гомоо гэж авгайлдаг байсан, одоо ч таних мэдэх хүн олон бий. Миний аав Моонуугийн Шаравдорж гэж Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, насаараа жолооч хийсэн. Ээж минь Асгат сумын уугуул, Гомбосүрэнгийн Цолмон гэж хүн бий, худалдааны байгууллагад насаараа ажилласан. 1990 оноос хойш аав, ээж хоёр минь малчин болсон, одоо нутагтаа амьдарч байна. Өндөр өвөг болох Дарьгангын Жанцан гэж хүн мөнгөн эдлэл хийдэг уран дархан хүн байсан гэнэ лээ. Аавын талд ч дархчуул байсан, дүү нь төрийн дархан М.Даваадорж гэж хүн бий.
-Нутгийнхаа Б.Тэмүүлэн гэж зураачтай хамтарсан үзэсгэлэн гаргасан. Та хоёр нутаг усныхантайгаа хэр холбоотой байдаг вэ?
-Нутагтайгаа саяхнаас л холбоотой болж эхэлж байгаа. Өөрөө хөдөлгөөн багатай байсан байх. Бид чинь зөвхөн урландаа бүтээлээ хийгээд суучихдаг хүмүүс шүү дээ. Сүхбаатар аймгийн зураачдын нэгдсэн үзэсгэлэн гарснаар бие биеэ мэдэх болсон. Сүхбаатар аймаг бол эртнээсээ мундаг уран дархчууд, зураачидтай байсан. Сүүлийн үед тарчихаад байгаа болохоос. Нэгдвэл бид хүчирхэг болно. Увс, Ховд гээд зарим аймаг зураачиддаа түрээсгүйгээр нэгдсэн урлан гаргаж өгч, бүтээлийг нь бэдэг дурсгал, бүтээн байгуулалтаа чимэглэх зэргээр худалдаж авах, захиалах зэргээр бодлогоор дэмждэг юм билээ. Манай аймаг ч гэсэн яваандаа тийм болох байх, уран бүтээлчдээ дэмжсэн сайхан санаачилгууд гарах болов уу гэж бодож байна.
-Уран бүтээлийнхээ амжилтаас сонирхуулна уу?
-Зураач, уран бүтээлчид бол цагийн цагт, мөнхийн шалгуур дор бүтээлээ туурвидаг улс. Үзэгчид гэдэг хамгийн том шүүгчид. Миний хувьд оюутан байхаас жил бүр зохиогддог “Гранд Арт”-д уралдаанд оролцож ирсэн. Энэ бол Солонгос-Монголын дипломат харилцааны ойн хүрээнд хоёр орны 35 хүртэлх залуучуудын дунд зохион байгуулагддаг, мөн тэтгэлэг олгож, солилцоо явуулдаг, уралдаан, үзэсгэлэн гээд олон талын арга хэмжээ болдог. Оюутан байхдаа оролцож тусгай байр эзэлж их урам авч байлаа. 2010 оноос дотоод, гадаадын үзэсгэлэнд оролцож эхэлсэн. Улаанбаатар хотын 370 жилийн ойн үзэсгэлэнд 2010 онд оролцлж, түүнээс хойш МУЭ-ээс жил бүр зохион байгуулдаг “Хавар”, “Намар”, залуу уран бүтээлчдийн “Алтан бийр”, “Гранд Арт”-ийг алгасаагүй. Аймгийнхаа “Жаахан шарга” Хөгжимт жүжгийн театрт конструктор зураачаар гурван жил ажиллахдаа 2-3 тайзны жүжигт конструктороор ажилласан. Монголын уран зургийн сан хөмрөгт жил бүр шилдэг бүтээлүүдийг үнэлж авдаг.Тэр шалгаруулалтад 2013 онд миний нэг бүтээл шилдэг таван бүтээлийн нэгээр шалгарч сан хөмрөгт хадгалагдаж байгаа. Хувь хүн, албан байгууллагуудад хадгалагдаж байгаа бүтээлүүд бий. Зарим бүтээлийг маань нутгийн бизнесмэнүүд худалдаж авсан.
-Одоо хаана бүтээлээ хийж байна?
-Чөлөөт уран бүтээлчээр ажиллаад удаж байна. Мэргэжлийн зураач 7-8 залуус нэгдэж уран бүтээлийн нэгдэл болж нэг урланд бүтээлээ хийдэг, “Залуучуудын урлан” нэртэй. Бид нэгдээд дөрвөн жил шахам болж байна. -Цаашид хийхээр төлөвлөсөн ажил, тэрийг л нэг зурчих юм сан гэсэн мөрөөдөж байгаа уран бүтээлийн санаа юу байна вэ?
-Залуу хүний хувьд ихийг хийх мөрөөдөл дүүрэн байна. Уран бүтээлчийн мөрөөдөл ямагт ундарч байдаг. Ардын хувьгалын 100 жилийн ойд зориулж орон нутагтаа үзэсгэлэн гаргах санаа бий. Төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Сүхбаатар аймаг хурдны өлгийн нутаг, хурдан цуутай хүлгүүдийн зургаар үзэсгэлэн гаргах санаа байна. 20-30-ыг нь эмхэтгээд эзэн нь хаанахын хэн, хэний унган адуу болох, одоо хэн авч хэрхэн уралдуулж, ямар амжилт үзүүлэв гэдгийг товч танилцуулгатайгаар гаргах санаатай байна.
Уран бүтээлчийн хувьд байнга эрэл хайгуул хийдэг. Миний суурь уран зураг болохоор сүүлийн үед контемперари, орчин үеийн чиглэлийг сонирхож байгаа. Реалист, арт, сюрреалист чиглэлээр ч оролдож байна. Өөрийгөө олох гэж эрэл хайгуул хийж байгаа нь тэр болов уу. Зураач бүрийн арга барил өөр. Миний хувьд өнгөөр тоглох дуртай.
Б.ТЭМҮҮЛЭН: ТАВАН ЭРДЭНЭ ЦОМОРЛИГ ЗУРГАА НУТГАА БОДОЖ ЗУРСАН
-Манай сэтгүүл эх орны өнцөг булан бүрт таран суусан сүхбаатарчуудаа олж танилцуулах нэг ёсоны гүүр нь болж ирсэн. Тийм болохоор манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын сангийн аж ахуйд төрсөн. Аав минь тэнд трактор комбайны жолооч, ээж эмнэлгийн асрагчаар ажиллаж байсан. Сүүлд сангийн аж ахуц татан буугдахад манайх Баяндэлгэр сум руу шилжсэнээр би тэнд өсч, наймдугаар ангиа төгсөөд Үйлдвэр урлалын сургуулийн Дүрслэх урлагийн сургуульд чимэглэх уран зургийн мэргэжлээр гурван жил суралцаж төгссөн.
Чимэглэх уран зургийн анхны суурийг Баяндэлгэр сумын зургийн багш М.Шагдаржавын удирдлагад эзэмшсэн гэж боддог. Багш маань гарын уртай хэдэн хүүхдийг дагалдуулан сургаж ангидаа үзэсгэлэн гаргаж байсан нь хүүхэд байхад том урам өгсөн. Тэр жил Амараа багш маань очиж, шавиа болгоно гэснээр Чимэглэх уран зургийн ангид орж суралцаж, уран зургийн анхны гарааг эхлүүлсэн. Багаасаа зурах дуртай ч хөдөөний хүүхэд болохоор зүг чигээ олоогүй явах үед багштайгаа таарсныгаа азтай гэж боддог. Дараа нь СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн монгол зургийн ангид орж Б.Нямхүү багшийнхаа удирдлагад таван жил суралцсан. Одоо чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.
-Танай удамд зураач, урчууд байв уу?
Миний аавыг Цэндийн Батхуяг, ээжийг Бандийн Гүндсамбуу гэдэг. Цэнд өвөө маань Дэлгэр бригадын агент хийдэг, байнга сампин тоолж, дуу дуулж байгаа юм шиг тоо бодож тайлан тооцоо гаргаж суудаг хүн байлаа. Тэр үед цаас олдохгүй, агентын дансны бор цаасны ар дээр би морь зурж суудаг байсан. Аав минь намайг “цаасан дээр морь зурж хаяад байх юм, малгүй болгочих вий дээ” гэхэд эмээ минь “миний хүү зурсан цаасаа хаяж болохгүй шүү, гаод хийгээрэй” гэнэ. Өвөө болохоор намайг зураг зурахад дуртай, цаас өгөөд л байна. Манай аав гарын дүйтэй, бас зураг зурна. Ээжийн аав болохоор Банди гэж нэгдлийн адуучин байсан. Удам сударт нь уран дархчуул, хуучин Хонгор бригадынхан, Дарьгангын урчууд гэж алдаршсан лам, хар хүмүүс олон байсан гэнэ лээ. Тэгэхээр тэр л удмын ур ухааны холбоо сүлбээ явсаар надад өвлөгдсөн байх.
-Сургуулиа хэзээ төгсч уран бүтээлч болов?
-Үйлдвэр урлалын сургуульд 2001 онд орж, 2003 онд төгссөн. Төгсөхдөө “Нүүдэл” гэсэн сэдвээр дипломын ажил хийж байлаа. Тэр жилээ СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн монгол зургийн ангид орсон. Дипломын ажлаа Ноён гэгээнтэй холбоотой Чойлин хийдийн домог сэдвээр хийж байлаа. Судалгааны ажлаар Дорноговь аймаг руу явж зураач багш Цагаандэрэм, музейн захирал тахилч , агсан Алтангэрэл нартай танилцаж, эрхэм хүмүүсээс “Ноён гэгээний шавь” нэр авч байлаа. Багш маань өмнөх төрөлдөө Чойлин хийдийг барих гэж хөрөнгө мөнгө цуглуулж байсан түүхтэй. Тэр түүх рүү би өөрийгөө учир ерөөлөөр явж орсон гэж боддог. Тэр ажлынхаа дараа 2009 онд Хаан банктай хамтарсан үзэсгэлэн гаргасан. Дорноговийн Хамарын хийд рүү анх очиход намайг залуу хүн гэлгүй маш сайхан хүлээж авсан. Ноён гэгээний хүүхэд байхаас эхлээд ёгт өгүүллүүд, түүхээр нь ханын зургууд зурсан. Тахилч Алтангэрэл гуай тэр үед намайг дагуулаад Ноён гэгээний явсан замаар Утай Гүмбэн хүртэл явж байлаа. Тэр үед тахилын суварга, Хубилай хааны суварга гээд олон дурсгалт газраар явсан. Үгэн суварга буюу Соёмбот цагаан суваргын ханын зураг 84 шидтэнгийн намтараар эх зураг, Ловонгийн найман дүр, таазны зураг төрийн долоон эрдэнэ, найман тахилыг зурсан. Ловон буханы тэгийг гаргалцаж, Дүгэр гэж зураачтай хамт ажилласан. Түүнээс хоёр жилийн дараа эмэгтэйчүүдийн сүм Тойног баригдахад түүний загварыг гаргаж, Тойногийн таван дүр, Нархажид бурхан, Сэндом, Гүргэл гэхчлэн Хажидын орны бүхий л дүр, загваруудыг гаргаж зурсан. Мөн хурлын дуган баригдах үед нь бурхан багшийн 12 зохионгуйг зурсан. Ер нь бол би дипломынхоо ажлаас цааш танка зураг руу ороод явчихсан. Дипломын ажлын маань сэдэв их өргөн, багш үгээгүй ядуу хүн байхдаа Чойлин хийдийг барих хөрөнгийг хэрхэн босгосноос эхлээд хийдээ барихын тулд лус савдгуудтай уулзаж байгаа болон барьж эхэлсэн нь гээд үргэлжилдэг. Лус савдгуудтай уулзахад сахилгагүй шавь нь дагаж явж харж байгаа, энэ чулууг ав гэхэд нь аваад шуудайнд хийж, эргээд бариулж байгаа хүмүүст өгөхөд тэр нь алтан өнгөт болж хувирч байгаа тухай гээд шидэт дүр бүхий үйл явдлын өрнөл ч өргөн. Тэр ажлаас хойш бурхан урлаач Дүгэр багш дээр очиж, гэрт нь амьдарч тэр хүнээс суралцаж 2017 он хүртэл бурхан урлах ажилд шамдсан. Сүүлийн үед уран зураг руугаа орж байна.
-Одоо хаана харъяалагдаж уран бүтээлээ туурвиж байна вэ?
-Нэг хэсэг Ноён гэгээний бүтээн байгуулалтын зураач маягаар ажиллаж байлаа. Соёлын өвийн төвд бас ажилласан. Тэндээсээ хувиараа ажиллая гээд гарсан. Одоо чөлөөт уран бүтээлч гэсэн статустай, гэхдээ сүм, хийдийн захиалгат ажил хийж байгаа. Өнгөрсөн жил 22-ын товчооны орчим Доржцэвээн гуайн хийдийн ханын зургийг зурсан.
-Монгол зургийн ямар арга техникийг ашиглаж бүтээлээ туурвиж байна вэ?
-Зураач болгоны арга барил өөр. Зарим нь монгол зургийг орчин үеийн болгож зурж байна. Би ерөнхийдөө бурхан урлал, танка зургийг зурж яваа. Гэхдээ одоогоор том хэмжээний бүтээл хийгээгүй байна. Дүр авч, түүгээрээ утга санаагаа гаргахыг зорьсон “Таван эрдэнэ” \таван хошуу малын эцэг\ гэж зураг бий. Азарга, бух, буур, хуц, ухна гэсэн таван дүр авч эрч энергийг нь харуулсан. Уул уурхайг шүтэхээс илүү монголчуудад амьд таван эрдэнэ байна шүү гэсэн санааг илэрхийлсэн. Шууд хуулаагүй, гэрэл зураг шиг буулгаагүй, тэгсэн атал бодит бурханчлах гээд байгаа зүйлгүй, ер нь бол цаанаа хэлэх гэсэн санаатай миний л нэг үзэлт юм даа.
-Бас тэр бүтээлийг хийж байхдаа нутгаа бодож байсан байх. Дарьгангын сүрэгчин хошуу гэж түүхэнд тэмдэглэгдсэн нутаг шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Тал нутаг минь аргагүй л бодогдож байсан. Дарьганга нутаг маань Адуучин гар, Тэмээчин гар, Хоньчин гар, Ямаачин гар, Үхэрчин гар гэж таван хошуу малын нутаг. Одоо түүний уламжлал Эрдэнэцагааны илүү нугаламт хонь, Баяндэлгэрийн улаан ямаа, Ширээтийн цагаан адуу, Асгат улаан үнээ гээд эртнээс улбаатай фермийн аж ахуйн уламжлал байж. Цаашид сайхан уран бүтээлүүд хийнэ гэж зорьж байгаа.
-Хоёр бухыг дүрсэлсэн “Ногоон нар” гэдэг зураг өвөрмөц санагдсан?
-Урлагийг хүн нарыг хардаг өнцгөөс харахаас гадна өөр өнцгөөс харъя гэсэн санаа юм \бодитоор биш\. Өөрөөр хэлбэл, урлагийг өөр өнцгөөс уншуулах гэсэн санаа. Хүн бүрийн ухамсрын түвшин, хүртэх мэдрэмж харилцан адилгүй. Зарим нь “Яагаад Ногоон нар гэж нэрлэсэн юм бэ” гээд асууж байдаг юм. Өөрийн төрж өссөн нутаг, бага насаа дурссан сэдэвтэй зургууд ч бий. Манай Сүхбаатарынхан багадаа хамгийн номхон морь унаж хурга ишгээ эргүүлдэг. Томхон болоод хурдны морь унаж зунжин давхиад гутлаа тайлж хөлөө амраадаг. Гол дээр морь унасан хоёр хүүхэд уулзаж байгаа “Чухал яриа” зураг маань тэр л үйл явдлаас сэдэвлэсэн.
-Үзэсгэлэн гаргах бодол бий юу?
-Нутгийн зураач дүү Ш.Сүхбаттай хамтарсан “Хязгааргүй” үзэсгэлэн маань олон хүнтэй танилцуулж, холбож өгсөн, шинэ санаагаар арвин сайхан байлаа. Цаашид үзэсгэлэн гаргая гэсэн урам зориг ч ихээхэн авлаа. Хөл хорионы үеэр зүгээр суусангүй, бүтээл хийж л байна.
-Манай сэтгүүлээр дамжуулан Сүхбаатар нутгийнхандаа юу хэлэх вэ?
-Нутагтаа үзэсгэлэн гаргах бодол бий. Одоогоор бодоод л байгаагаас тодорхой болоогүй байна. Сүхбаатарчууддаа хандаж хэлэхэд эв эетэй, хүчтэй байгаарай. Зөвхөн нутгаар тогтохгүй Монголоо гэсэн халуун элгэн сэтгэлтэй байж, хүн бүр дор бүрдээ хичээж явахад болохгүй, бүтэхгүй зүйл үгүй гэдгийг хэлье. Сүхбаатарчууд бол Монголын нэр нүүр болсон, хувьсгалыг авралцсан түүхт хүний үр сад шүү дээ. Морь нь хурдан, хүмүүс нь оюуны бяртай ард түмэн. Тал нутгийн маань өгөгдөл, үр өгөөж бидэнд ямагт сайн сайхныг авчирч байдаг болохоор нутагтаа залбирч, нутгаа шүтэж яваарай гэж хэлье.
Нийт сэтгэгдэл 0