Дэлхийн монгол залуу: Эрдэнэбаатарын ШҮТЭЭН
Хуваалцах:
img

Монгол залуус дэлхийн олон улсад сурч, ажиллаж, монгол хүний ур чадвар, мэдлэг, оюуныг харуулж явна. Энэ удаад бид зөвхөн авьяастнууд л өрсөлддөг урлагийн алтан тайзан дээр амжилтаараа өөрийгөө зарлаж яваа залуу уран бүтээлчийг сонгон танилцуулахаар шийдлээ.

Эрдэнэбаатарын ШҮТЭЭН. ХБНГУ-ын Мюнхен хот дахь Хөгжим ба театрын урлагийн их сургуулийн жазз хөгжмийн зохиолчийн ангийн магистрант.

2021 оны нэгдүгээр сарын 20-21-нд болсон Курт Маасын нэрэмжит Жазз хөгжмийн олон улсын уралдаанд залуу монгол хөгжмийн зохиолч Э.Шүтээн тэргүүн байр эзэлсэн юм. Түүний бүтээлийг уралдааны шүүгчид “өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай, хөгжмийн зохиомжийнхоо хувьд зохиолынхоо оршил, өрнөл, төгсгөл хэсгийг сайн тооцоолж хийсэн бүтээл байна” гэж үнэлжээ.

Жазз... Олонх монголчуудын төдий л мэдэхгүй хөгжмийн энэ урсгал мэргэжлийн уран бүтээлчдээс мэдрэмж, төсөөлөл, ур чадварыг нь үнэнхүү сорьдог. Ноот бүрийг хөгжимчин тухайн агшинд мэдэрснээрээ зохиомжилж тоглодог болохоор нэг бүтээл ч байсан тоглогдох бүрдээ өөр, дахин давтагддаггүй. Жазз түүгээрээ гоё. Мэдрэмж, эрх чөлөөг тунхаглах жазз хөгжмийн ертөнцөд монгол охин хэзээ хөл тавьсныг сонирхвол сонин зураг тодорно.

2

Э.Шүтээн охины бага нас тэр чигээрээ сонгодог хөгжим, үндэсний болон дэлхийд алдартай дуурь, бүжгэн жүжгүүдийн дунд өнгөрчээ. Аав Г.Эрдэнэбаатар нь ДБЭТ-ын ерөнхий найруулагч, бас хөгжмийн зохиолч болохоор тэр юм уу өдөржингөө тэдний гэрт хөгжим уянгална. Бямба, Ням гарагт гэрээрээ дуурь, балет үзнэ. Хөгжим бол тэдний гэр бүлийн нэг хэсэг, охины амьсгалж өссөн агаар байлаа.

Тэр гуравхан настайдаа Монголын Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа гарсан байна. Монголын нэртэй хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн “Дэлхий ээжийн төрсөн өдөр” хүүхдийн дуурийн Дэлхий ээжийн охин бол Э.Шүтээний анхны дүр. Дүр бүтээх гэж ядах юм байсангүй. Дэлхий ээжийнхээ өвөр дээр нь сууна, заримдаа унтана. Арай том болоод агуу В.А.Моцартын “Увдист лимбэ” дуурийн дэгдээхэйд гарах болов.

2004 онд охин Хөгжим бүжгийн дунд сургуульд оржээ. Төгөлдөр хуурын мэргэжлийн анхны багш нь Григорьева гээд настай орос эмэгтэй. Багш нь орос хэлээр хичээлээ заана, аав нь орчуулж өгнө. Охин жаахан ч байж, багшийнхаа хамгийн отгон шавь ч байж, хичээл хийнэ гэхээсээ илүү багшийнхаа эрх мууртай л тоглоно. Зөөлхөн, сайхан ааштай багш нь тэглээ гээд уурлахгүй, охиныг өхөөрдөх эрхлүүлэх завсраа заах ёстой зүйлээ ойлгуулчихна. Охины хувьд төгөлдөр хуур нь багшаасаа айх айдас, давтахаас халшрам даалгавар биш, зүгээр л гоё, “хаан хөгжим” байлаа. Хөгжмөө улам л тогломоор, сайн давтмаар охинд санагдана. Чөлөөтэй, өөрийнхөөрөө энэ сэтгэлгээ түүнийг тоглоочийн техникээ сайн сурахад, бас хөгжмийг ойлгох, хайрлах мэдрэмжтэй болоход их тусалсан гэж тэр боддог.

3

Харамсалтай нь орос багш нь түүнийг дөрөвдүгээр ангид байхад нас баржээ. Түүнээс хойш тэр 6- 7 мэргэжлийн багшаар дамжин заалгаж, хамгийн сүүлд Г.Ганчимэг багш дээр төгсчээ. Олон багш сольсноос болсон уу, эсвэл өөрийгөө өөр талбарт сорьж үзье гэж санасан уу Э.Шүтээн 2014 онд Хөгжим бүжгийн дунд сургуулиа төгсөөд, МУИС-ийн философийн ангид элсчээ. Гэтэл “Гёте” институт жазз хөгжмийн сургалт явуулах болсныг сонсоод Э.Шүтээн эргэлзэлгүйгээр Хөгжим бүжгийн коллеждоо эргэн оржээ. 

2014- 2016 онд хэрэгжсэн “Гёте” институтийн төслийн үеэр Мартин Цинкер тэргүүтэй герман багш нар монгол оюутнуудад жазз, орчин үеийн хөгжмийн боловсрол олгосон юм. Чухам тэр үеэс Э.Шүтээн жаззад дурласан гэж болно. “Хөгжмийн болон сэтгэлгээний эрх чөлөө, хөгжимчдөд олгож байгаа тоглогчийн эрх чөлөө нь миний сэтгэлийг үнэхээр их татсан. Намайг жааз хөгжимчин болоход нөлөөлсөн уран бүтээлч бол төгөлдөр хуурч Brad Mehldau” гэж тэр нэгэн ярилцлагадаа дурссан байдаг.

2016 онд Э.Шүтээн жазз хөгжмийн сургалтаа төгсөөд, СУИС-ийн Хөгжмийн зохиолчийн ангид шилжин суралцав. СУИС- ийн багш, авьяаслаг, залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярт шавь орохоор шийдсэн нь цаанаа шалтгаантай байлаа. Ухаан орохоосоо сонгодог хөгжмийн ертөнцөд өссөн Э.Шүтээний хувьд монгол хөгжим, монгол аялгууг таних, мэдрэх зайлшгүй шаардлага байжээ. Тэр зорьсондоо ч хүрсэн, СУИС-аа төгсөхдөө хоёр ангитай, төгөлдөр хуурын концерт бичиж, дипломоо хамгаалжээ. “Хэчнээн онол сураад, тэгж болохгүй, ингэж бичихгүй гэдгийг өчнөөн уншсан ч гэсэн зохиол бичиж, түүнийг нь хөгжимчин хүн яаж тоглохыг сонсож байж л тэр хөгжмийн дуугаралт, хоорондоо харшилдаж байна уу гэдгийг ойлгож авдаг юм билээ” гэж Э.Шүтээн ярьсан.

Одоогоор Э.Шүтээний урын санд 50-аад жижиг аяз, жазз оркестрт зориулсан 4 том зохиол бий. Түүний зохиолуудаас сонгодог хөгжим ч, басхүү монгол аялгуу ч, жазз гармони ч, товчхондоо энэ гурвын нийлбэр сонсогддог.

Германд явахаасаа өмнө тэр “Гёте” институтийн сургалтад хамт суусан дөрвөн найзтайгаа хамтлаг байгуулж, тавуулаа Улаанбаатарын залууст жазз гэж юу байдгийг таниулж сурталчилж явав. Тэдний тоглох газар ганц хоёрхон, “UB jazz club”, “Dodo cafe” гээд гүйцнэ. Гэхдээ “The Jazz train”-ы залуус жаззын төлөө Улаанбаатарын гудамжинд ч тоглохоос татгалзсангүй. Одоо тэднээс дөрөв нь Германд сурч байна.

Э.Шүтээн 2020 онд Мюнхений Хөгжим ба театрын урлагийн их сургуульд, профессор Андреас Киссенбэкийн удирдлага дор жазз төгөлдөр хуурчаар магистрийн зэрэг хамгаалжээ. Үргэлжлүүлэн жазз хөгжмийн зохиолчийн магистрийн ангид суралцаж байна. Энэ сургуульд багшилдаг алдартай жазз хөгжмийн зохиолч, профессор Кристиан Элсессэр, Грегор Хюбнер нарын шавь болох гэж л Мюнхенд ирсэн ч юм шиг санагдах удаа Э.Шүтээнд бий. Хөгжим бичих гэдэг түүний хувьд хийх дуртай ажил нь.  Өөрөө хөгжмөө бичиж, хамтлагаа бүрдүүлж, зохиосон дуу, хөгжмүүдээ бичүүлэхдээ тэр зүйрлэшгүй их урам авдаг.

Сая Курт Маасын уралдаанд орохдоо энэ итгэл нь бүр батажжээ. Түүнтэй хамт тоглосон нарийн бүрээч Бастиан Риесэр, саксафонч Максим Фришман, Контрабасс Нильс Күгельман, бөмбөр Себастиан Вольфгрубер нар Ковидоос болоод нэгдэн давтаж чадалгүй, тус тусдаа хувиараа бэлтгэж байгаад тайзан дээр гарчээ. Тиймээс “энэ сонин зохиол тоглоход яаж сонсогдох бол” гэж түгшиж байсан гэнэ. Хамгийн их айсан нь нарийн бүрээч Бастиан. Гэтэл залуу монгол зохиолчийн бүтээл гайхалтай гоё эгшиглэсэнд залуус хэчнээн баярласан гэх вэ. “Сонсож байгаа хүн уйдахааргүй, хүчтэй, чанга, энергитэй бүтээл” гэж тэд хамтрагчдаа урам хайрласан байна. Хамтрагчдынх нь үнэлэлтийг түүнд хөгжмийн зохиомжийн “А” үсгийг заасан Ч.Энхбат багшийнх нь илгээсэн зурвас ч батална. Курт Маасын Жазз хөгжмийн уралдааныг олон улсад шууд дамжуулах үеэр үзэж суусан Ч.Энхбат багш нь Э.Шүтээнд “Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Танигдахгүй мундаг өсчээ” гэсэн зурвас илгээсэн байна. Авьяасыг нь олж харж, хөгжүүлэхийг хүсдэг байсан багшийнх нь хувьд олон улсын тайзан дээр шавь нь алдраа дуудуулаад зогсох шиг сайхан зүйл хаа байх билээ.

Одоо Э.Шүтээн магистрийн төгсөлтийн ажил дээрээ ажиллаж байна. Тэр нь бүтэн нэг цаг тоглогдох том бүтээл байх учиртай. Тиймээс өдөртөө гурван цаг хөгжмөө давтаж, гурван цаг зохиол дээрээ суудаг. Цаг сайхан болбол энэ жилдээ, эс чадвал хойтон зун АНУ-д явж, жаззын сургалтаараа нэртэй Берклийн коллежид таван долоо хоног сурах бодолтой.

Ирээдүйд тэр өөрийн хүндэлдэг таван удаагийн Грэмми шагналт, жазз хөгжмийн зохиолч Мария Шнайдер шиг олон төрөлд хүчээ сорихыг үгүйсгэхгүй. “Зохиолуудыг нь зүгээр сонсоход л их юм сурдаг. Магадгүй миний ирээдүй ч бас ийм байх болов уу гэж боддог” гэж тэр хэлсэн.

Хөгжмийн зохиолчийн охин хөгжмийн зохиолч бүсгүй хорвоод мэндлэхдээ л дуутай төржээ. Аавынх нь охиндоо зориулж зохиосон “Шүтээн” гэдэг дуунд ийн өгүүлдэг.

Тайгын цэцэг атаархан найган ганхмаар

Тансагхан эмзэгхэн охин минь 

Талынхаа хөх тамгыг цоожлон мэндэлсэн

Танхилхан энхрийхэн шүтээн минь 

Өнгийн цэцэг мэхийн сөгдөн ганхмаар

Өөдсийн чинээ балчирхан охин минь

Өндөр тэнгэрээс заяатай үндсээ мөнхөлсөн

Өүлэн ээжийн бүрэлваа шүтээн минь.

  Аавыгаа хөглөж ирсэн охин өнөөдөр дэлхийн жаззын ертөнцөд Монголоороо цоллуулаад бүтээж, туурвиж байна. Алс зам урд нь дурайна. Амжилт хүсье чамдаа Монголын Шүтээн ээ!

1

4

Сэтгүүлч: О.Жавхлан

Гэрэл зургийг:  Хаш-Эрдэнэ, Ралф Домбровски 

 

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img