Шүлэг бичихгүй л бол...
Хуваалцах:
img

Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах 39 дэх удаагийн “Болор цом-39” яруу найргийн наадмын тэргүүн байранд шалгарсан яруу найрагч Б.Болорцэрэнгийн “ШҮЛЭГ БИЧИХГҮЙ Л БОЛ...” шүлгийг толилуулж байна.

Шүлэг бичихгүй удвал хар дарна

Шүд уналаа гэж

Шүлэг бодохгүй өнжвөл хар санана

Зүүд хэллээ гэж

Шүлэг уншихгүй удвал зүс алдна

Шүлэг сонсохгүй өнжвөл зул шандуурна

Шүлэг бодохгүй гэвэл чадахгүй мэт

Шүлэг бичихгүй гэвэл нүгэл мэт

Ээжээс ч их бодогдоод ирэх

Ханиас ч илүү санагдаад үлдэх

Энэ шүлгийг хэн илгээнэ вэ

Ээж минь л байх...ээж л байх

Ургахаа умартдаггүй наран шиг

Урсахаа мартдаггүй мөрөн шиг

Шүлэг бодоогүй өдрийг санахгүй

Шүлэг хүсээгүй үдшийг мэдэхгүй

Ээж болсон өдөр минь шүлэг

Ээжгүй болсон өдөр минь шүлэг

Ааваа баярлуулах ганц зам

Амьд яваа минь шүлэг мэт

Шүлэг бичихгүй л бол

Эхийн ачийг санахгүй би

Шүлэг бичихгүй л бол

Элдэв өвчнөөс салахгүй би

Номын сангаа эмийн сангаар солино

Номын мөрөө ховын үгээр хөөнө

Ой санамж,үнэр амтаа алдана

Охин үр, үндэс угсаагаа ч мартна

Хүнээ больсон ч хүйсээ сольсон ч

Хөөрхий шүлэг минь гэвч намайг орхихгүй

Эр буруулавч нэр хөөдөвч

Ивий шүлэг минь гэвч надаас ичихгүй

Ийм болоод л

Өглөөг нүүр бардам угтна

Өчигдөр би хэнийг ч гомдоогоогүй

Өнгөрсөнөөс харамсал үл олно

Өдөр бүхий гараар шүлэг бичих минь учиртай

Наран жаргаад хаачдагийг мэдэх үү

Надад шүлэг авчирахаар явдаг юм

Найрагч охинтой гэж гүн итгэсэн

Ээжээс бэлэг аваад ирдэг юм

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img