ТРЭЙЛЕР: “Дуэль” жүжгээс сэдэвлэсэн “Сэтгэлд харвасан туяа” УСК энэ сарын 18-нд нээлтээ хийнэ
Хуваалцах:
img

“Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино энэ сарын 18-нд үзэгчдийн хүртээл болно. Уг киноны урьдчилсан үзлэгийг сар орчмын өмнө хийсэн ба урлаг судлаач, мэргэжилтнүүдийг урьж шүүмж, сэтгэгдлийг нь сонссон юм. Киргизийн алдарт зохиолч М.Байджиевын 1968 онд бичсэн “Дуэль” жүжгээс сэдэвлэсэн “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны киног үзэхэд зохиол дотор, жүжгийн нэг хэсэгт орсон мэт бодит мэдрэмжийг төрүүлэх аж.

Дэлхийн 270 орчим театрын тайзнаа жүжиг, дуурь, бүжгэн жүжиг хэлбэрээр тавигдсан уг бүтээлийг кино болгохоор албан ёсны зөвшөөрлийг зохиолчоос нь авч, ийнхүү “Шанс” агентлагийн 20 жилийн ой болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Маамхүү агсны гэгээн дурсгалд зориулж үзэгчдийн хүртээл болгож буй юм.

Уг уран бүтээлийн гол дүрийг бүтээсэн жүжигчин, найруулагч Г.Дөлгөөн-Аюуш “Сайн зохиол гэдэг уран бүтээлийн амин сүнс байдаг. Энэ алдартай зохиолыг мэргэжлийн түвшинд амилуулж, уран сайхны кино болгох гэж хичээлээ. Уран бүтээлчдэд хамгийн хэрэгтэй зүйл нь шүүмж байдаг. Алдаа, оноогоо дэнслэхэд хүн бүрийн харах өнцөг чухал. Тиймээс киноны урьдчилсан үзлэгийг зохион байгуулсан. Нийгэмд нэгийг бодогдуулах бүтээл болсон гэж итгэж байна.

Кино маань гуравдугаар сарын 2-ноос харааны бэрхшээлтэй иргэдэд сонсдог кино байдлаар хүрэх юм. Бид энэ талаар Монголын хараагүйчүүдийн үндэсний төвтэй хамтарч ажиллаж байгаа” гэлээ. “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны киноны гол дүрийн эмэгтэйд “Дэлхийн мисс 2015”-д эх орноо төлөөлөн оролцож байсан Н.Ану тогложээ. Дүрийн сонгон шалгаруулалтыг  “Шанс” агентлагийн захирал Б.Нарантуяа хийсэн ба олон эмэгтэй жүжигчдээс түүнийг онцолсон нь үзэгчдэд хүлээлт үүсгээд буй юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img