Д.Хосбаяр: Ямар ч найруулагчтай хамтарч ажилласан гологдохооргүй эрэл хайгуулч, дайчин байх ёстой
Хуваалцах:
img

Одоогоос 10 гаруй жилийн өмнө МҮОНТ-ээс гаргасан Амьдрал чиний төлөө ОАУСК, Найз, Ус дээшээ урсдаг, Хараал”, Хэлгүй жим зэрэг уран бүтээлд дүрээ мөнхөлсөн жүжигчин Д.Хосбаяртай ярилцлаа. 

- Амьдрал чиний төлөө” киноны Тодбаяр”- ын дүр,Ус дээшээ урсдаг” киноны ахмад Мэндбаяр, Хэлгүй жим”- ийн эрэлхэг хилчний дүр гээд нүдэнд дулаахан офицерын дүрд та сайн зохицох юм. Сүүлийн киноных нь тухай яриагаа эхлэх үү?

- Ер нь үзэгчид ч гэсэн яг ингэж хэлдэг. Гэхдээ уран бүтээлчийн хувьд өөрийгөө өөр өнцгөөс харуулахыг хичээдэг юм. Хамгийн сүүлд ажилласан бүрэн хэмжээний уран сайхны кино нь Хэлгүй жим”. 1993 онд болсон бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд Этик продакшны гурав дахь бүрэн хэмжээний уран бүтээл байсан. МУГЖ Ц.Төмөрхуяг ахаас эхлэн чадварлаг уран бүтээлчид ажилласан. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд очиж зураг авалтаа хийсэн байгаа. Түүхэн кинонд дүрээ мөнхөлнө гэдэг  гайхамшигтай хувь тохиол гэж би хардаг.  Уран бүтээлч бүрд түүхэн кинонд дүр бүтээх зорилго, хүсэл, тэмүүлэл байдаг болов уу. Миний хувьд энэ зорилгоо биелүүлсэн. Олон хүний сэтгэлд хүрсэн байх. May be an image of 1 person, child and standing

-СУИС-д Монгол Улсын Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн удирдлага дор суралцаж, төгссөн юм билээ. Мэргэжлийн жүжигчин болж төгссөний хувьд багшаасаа их зүйл сурсан байх?

- 2005 онд СУИС-д элсээд энэ гайхалтай хүний шавь болсондоо туйлын их талархаж явдаг. Багш маань өөрөө урлагийн гэр бүлээс гаралтай, УДЭТ-д найруулагчаар ажиллаж, олон гайхалтай сонгодог бүтээлийг тайзнаа амилуулсан үлгэр жишээ уран бүтээлч. Багшийгаа театрын нэг бурхан юм гэж би хардаг. Бидэнд сургасан олон эрдэм, гайхалтай зан чанар бий. Тэрний нэг нь үргэлж эрэл хайгуулч, шинийг эрэлхийлж  байх ёстойг ойлгуулсан. Биднийг сургуулиа төгсөхөд ямар ч найруулагч, уран бүтээлчидтэй хамтарч ажилласан бай гологдохооргүй эрэл хайгуулч, дайчин бай гэж хэлж байсан. Оюутны ширээ бол А үсэг заадаг газар. Практик дээр сурсан үсгүүдээ холбон уншиж, цаашид алхам тутамдаа суралцаж, ахиж байх ёстой юм. Одоо болтол багштайгаа холбоотой байж уран бүтээлийн тухай ярилцаж, үгийг нь сонсдог.

- Төгсөөд УДЭТ-д 2010-2013 онд ажиллаж байсан. Тайз болон кино урлаг ялгаа их шүү дээ. Театр жүжигчнийг маш сайн боловсруулдаг юм  билээ?

- 2009 онд сургуулиа төгсөөд, 2010 оноос УДЭТ-д дагалдан жүжигчнээр ажилласан. Мэргэжлийн хэллэгээр студийн жүжигчин гэж хэлдэг. Театрт байх хугацаандаа Виктор Хюгогийн Парисийн дарь эхийн сүм, Б.Цогнэмэхийн Тэнгэрийн хүү”, Д.Намдаг Жаргалт эх Оролмаа зэрэг тухайн үед тоглогдсон бүх жүжигт туслах болон олны хэсэгт тоглосон байгаа. Дээрээс нь орон нутагт явахад хүүхдийн жүжгийн дүр дээр  ч ажиллаж байсан. Тэгэхээр театрыг зүйрлэвэл цэцэг тарьж байна гэж бодвол үрийг нь  боловсруулж, ургуулдаг газар. Театр, кино хоёр өөр. Кино, драмын анги гэдэг ч түлхүү театрын хичээл ордог. 2010 онд Амьдрал чиний төлөө кинонд тоглохдоо найруулагчдаа их зэмлүүлж байлаа. Өөрийнхөөрөө биш, театрт тоглож буй мэт үзүүлэн тоглолттой байсан юм билээ. Үүн дээр театр, киноны ялгаа гарч ирж байгаа юм. Театр нь муу, кино нь сайн гэсэн үг биш. Зүгээр л ялгаатай, өөрсдийн онцлогтой ойлголтууд юм. Кино бол энгийн байх ёстой. Олон ангит кино учраас зураг авалт гурван сарын хугацаанд үргэлжилсэн. Ингээд энэ хугацаанд киноны жүжигчин болоход илүү суралцсан юм. Харин театрын хувьд уран бүтээлчийг маш сайн хөгжүүлж чаддаг. Зөвхөн уран бүтээл дээр ч биш бусад үед биеэ яаж авч явах вэ, ахмад уран бүтээлчидтэйгээ хэрхэн харьцах вэ, нэг уран бүтээлээс нөгөө уран бүтээлийн хооронд өөрийгөө хэрхэн өөрчилж чанаржих вэ, нэг сайн кино хийж үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа гэхэд хэрхэн ташуурчихгүй байх вэ гээд ёс зүйн тал дээр гайхалтай бэлддэг газар юм.

May be an image of 4 people and people standing

- “Хараал киног үзэхэд ч сэтгэл шимширч эмзэглүүлэм байсан. Тэгэхээр тийм дүрийг бүтээнэ гэдэг их хүнд байж таарна?

- Дөрвөн жилийн өмнө МУГЖ Ц.Төмөрхуяг ах Нэг ийм кино хийх гэж байна. Ирж уулзаарай гэсэн. Зохиолыг нь уншиж үзтэл үнэхээр сэтгэл сэртхийлгэм санагдаж байлаа. Гэхдээ надад аймшгийн кинонд дүр бүтээнэ гэдэг сонирхолтой санагдаж байсан. Хамгийн хүнд сцен нь шөнө унтаж байтал эхнэр нь нас барсан хүүхдээ булшнаас нь ухаж авчраад Хүүхдээ одоо хөхүүлье гэж хэлээд зогсож байдаг. Тэгээд аянга цахилгаантай ширүүн бороотой шөнө  хүүхдээ оршуулж байгаа юм. Гачууртын хүн тавьдаг газар тус хэсгийн зургийг шөнө авсан. Онцгой байдлын газрын галын машин авчраад бороо оруулаад шалба норчихсон, дээрээс нь оршуулгын газар булшнуудын ойролцоо үнэхээр эвгүйцэм юм билээ. Энэ л хамгийн хүнд байсан. Уран бүтээлч аливаа дүр дээр ажиллахдаа тухайн кино эсвэл жүжгийнхээ дүрээр л амьдрах ёстой. Хар бараан зүйл, сэтгэлийнхээ шарх,  дарамт, элдэв хөөрлөөс бүрэн ангижирч байж дүрээ урлах ёстой. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан тохиолдол зөндөө бий. Ер нь жүжигчин хүн бүрд тийм үе байдаг биз дээ. Тэрийг давж гарах ёстой. Эцсийн эцэст энэ бол уран бүтээл. Урлаг өөрөө нийгмийн өмнө соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх үүргийг хүлээдэг. Тийм учраас дүрээ аль болох нямбай, сайн гаргах ёстой. Ингэж бодож л дээрх дүрд орсон.

 

- Сайн бүтээлийн ард гарахад зохиол, жүжигчид, арын албаны ажилчид гээд бүх хүн үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй байдаг. Өөрөөс тань хамгийн их тэвчээр, хатуужил шаардсан уран бүтээл юу вэ?

- Кино урлаг бол бүх зүйлийн цогц байдаг. Зураач, зураглаач, хөгжим, жүжигчид, найруулагч гэх мэт. Сайн уран бүтээл гарахын тулд маш сайн баг байх ёстой. Амьдрал чиний төлөө кино анхных болохоор ч тэр үү маш их хүч шавхсан. Бас олон ч хүний оролцоотой бүтсэн шүү дээ. Цагдаагийн ерөнхий газар үүсэж, хөгжсөний 90 жилийн ойд зориулсан уран бүтээл тул албаны хүмүүсийн зөвлөгөө, тусламжийг ч их авсан.

- СУИС-д ч тэр, гаднын улсын урлагийн сургуульд мөн адил урлагийн хүн эхлээд ёс зүйтэй, бусдыг хайрлах, энэрэх чин сэтгэлтэй, жинхэнэ хүн байх ёстой гэж заадаг юм билээ. Яагаад эхлээд хүн байх ёстой гэж?

- СУИС-д дөнгөж ороход л яг ингэж хэлдэг. Тухайн үед яг бүрэн дүүрэн сайн ойлгоогүй юм билээ. Хамгийн гол нь эхлээд  хүн байх ёстой. Үүний дараа нь тайзан дээрээс хүний тухай ярьж, тоглох ёстой гэж хэлдэг. Тэр үед нь ойлгоогүй ч одоо харахад хүн чанартай байх, хүн баярлах, гутрах, зовохдоо  ийм араншинтай болдог зэргийг бүрэн дүүрэн мэддэг, сэтгэлийг нь өргөөд гаргах сэтгэлтэй, хүнд худлаа хэлэхгүй, уран бүтээлээрээ өндөрт гараад их зан суух гээд ирвэл тэрийг нь хэлж ойлгуулдаг, муу санаагүй байж уран бүтээлч байх ёстой юм билээ. Хүн муутай, худалч хүнээс яагаад ч сайн уран бүтээл төрөхгүй. Дээд курсийн ах, эгч нар ч дээрх үгийг хэлдэг байсан. Дээрээс нь сайн уран бүтээлч болохын тулд хамгийн сайнаараа хөдөлмөрлөх ёстой. Бидний үед СУИС I, II, III, IV  курс нийлээд жүжиг хийх, гитартай дуулах,  төгсөх курсын ах нарын дипломын ажилд нь жижиг сажиг хэрэглэгдэхүүнээр тусална. Эндээс маш их зүйл суралцаж, дараа нь өөрөө төгсөхдөө дүү нартаа зааж өгдөг уламжлалтай байсан. Ер нь СУИС-д бие биетэйгээ уялдан ажиллаж, аль чадахаараа тусалж дэмждэг байлаа. Одоо бол энэ уламжлал байхгүй юм шиг байна билээ.

-Уран бүтээлч дуртай жүжигчин, найруулагч байдаг. Таны хувьд?

- Монголоос УДЭТ-ын жүжигчин МУСТА С.Болд-Эрдэнэ, найруулагчаас МУСТА Б.Тамирын кинонуудыг үзэх дуртай. Болд-Эрдэнэ ахын дүр бүтээсэн кино, жүжиг бүрийг шимтэн үзэж, тоглолтыг нь  ажиглаж, бас биширдэг. Гаднаас “Forrest Gump” киноны жүжигчин Tom HanksQuentin Tarantino-гийн найруулсан өөрийн гэсэн өнгө төрх, хэв маягтай бүтээлүүдийг нь  үзэх дуртай. 2019 онд хийсэн  Холливудад нэг удаа гэж кино нь үнэхээр сонирхолтой, үзүүштэй болсон байсан.

- Одоо контентууд дээр ажиллаж байна гэсэн. Энэ тухай тодруулбал?

- Өсвөр насны хүүхдүүд ухаалаг утсанд ухаангүй донтож байна гэсэн сэдвийн дор, гурван цуврал контент хийж байгаа. Цар тахал, хөл хорионы үед хүүхдүүдийн утасны хэрэглээ энгийн үеэс илүү их нэмэгдсэн. Ер нь судалгаагаар ч утас, телевиз, компьютер зэрэг дэлгэцийн  хэт хэрэглээ нь донтолт, цаашлаад мэдрэлийн ядаргаанд хүргэдэг гэдгийг гаргасан байдаг. Энэ тал дээр  л эрүүл мэндэд нь анхаарах гэж, басхүү нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсэн. Уг нь аль эрт бэлэн болох ёстой байсан ч хөл хорионы улмаас түр зогсчихоод байлаа. Удахгүй үзэгчиддээ хүргэнэ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img