П.Сайнзориг: Улсын цолтой нэг бөхийн сорьцоос допинг илэрсэн
Хуваалцах:
img

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд дөрөв ба түүнээс дээш давсан 64 бөхийн допингийн хариу энэ сарын 19-ний өдөр эцэслэн гарчээ. Энэ талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө. 

         Тэрбээр "Үндэсний их баяр наадмын хуулийн шинэчилсэн найруулга батлагдсаны дагуу энэ жил дөрөв ба түүнээс дээш давсан 64 бөхөөс шинжилгээ авсан.  Тухайн 64 бөхийн сүүлийн хариу наймдугаар сарын 19-ний өдөр ирсэн. Ингээд эхний сорьцоос 64 бөхийн 63 нь допинг илрээгүй. Тухайлбал, нэг бөхийн сорьцоос допинг илэрсэн. Энэ бөх нь тавын даваанд өвдөг шороодсон улсын цолтой бөх. Нэрийг нь хэлэх боломжгүй. Шинжилгээний хариуг биечлэн өөрт нь танилцуулна. Дараагийн Б сорьцын шинжилгээнд хамруулах саналыг тухайн бөхөд тавихад татгалзвал овог нэртэй нь олон нийтэд танилцуулна. Иймээс энэ удаа бөхийн цол эрэмбэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Хэдийгээр энэ бөх цолны даваанд даваагүй ч гэлээ хариуцлагыг шинжилгээний хариу эцэслэгдсэн тохиолдолд шийднэ. Улсын цолтой бөх гэхээс өөр мэдээлэл одоохондоо дэлгэж болохгүй. Түүнээс нааш бид илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Мөн олон улсад итгэмжлэгдсэн лабораторын хариуг бид хардаж, сэрдэж болохгүй. Өмнө нь ямар ч албаны эх сурвалжгүйгээр зургаан бөх гэж яригдаж байсан нь худлаа. Тиймээс иргэдийн дунд эх сурвалжгүй худал мэдээлэл цаашид бүү тараагаарай. Илэрсэн бөхтэй холбоо барьж дараагийн шинжилгээнд хамрагдах үгүйг бид тодорхой болгоно. Хэрэв дараагийн шинжилгээгээр илэрвэл хариуцлага тооцно" гэв.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img